Monday, May 7, 2012

Сахарт аялсан аялалын тэмдэглэл


             

Марокко улс.
marokko
Марокко нь хаант засаглалтай бөгөөд хаан Мохаммед VI нь нэр хүнд сайтай ардчилсан гэгдэх нэгэн юм билээ. Энэ улс 30 гаруй сая хүн амтайгаас тал илүү хувь нь хорин нэгээс доош насных аж. Монголын газар нутгийн талтай тэнцэхүйц нутаг дэвсгэртэй энэ орны газар нутгийн нэлээд хэсгийг Баруун Сахар эзэлдэг байна. Франц улсын колони байсан энэ орон 1956 онд тусгаар тогтносон ба хүн амын дийлэнх нь франц хэлээр ярьж ойлголцдог бөгөөд одоо ч дунд сургуульд нь Франц хэл заадаг аж. Тус орны эдийн засагт хөдөө аж ахуй зонхилох байр эзэлдэг. Орлогын нилээд хувийг гадаадад амьдардаг мароккочууд, загас олборлолт болон аялал жуулчлалын салбараас олдог ажээ. Сахарын цөлийг имиджээ болгосон Марокко улсад европын орнуудаас маш олон тооны жуулчид жилийн 4 улиралд байнга ирдэг ажээ. Энэ нь олон зүйлийн шалтгаантай ч аялалын үнэ, төрөл, байрлалын онцлог зэрэг давуу байдлын зэрэгцээ жуулчны аюулгүй байдал харьцангуй сайн хангагдсан нь нөлөөлдөг бололтой. Аялал жуулчлал хөгжсөн нь олон зүйл дээр харагдаж байна. Хатуу хучилттай замыг элсэн цөл хүртэл тавьсан байх бөгөөд замын хажуугаар зэрэгцэн байрлах таван одтой зочид буудлууд /голдуу нэг давхар/, дэлгүүр хоршоо, зээлийн газар, замаар явах ландровер, дефендер маркын машинууд зэргээс энэ бүхнийг харж байлаа.

marokko2
marokko1
Сахарт Аялсан минь. Аялал жуулчлалын компаниас 10 хоногийн багц аялал авч Баруун Сахарт явган аялал хийсэн тухайгаа болон Марокко орны тухайн тэмдэглэсэн тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцъя. Монгол хүнд хол сонсогдох Марокко улсын визийг Бээжин дэх элчин сайдын яамны газраас авлаа. Олон цагийн нислэгийн дараа зорьж байсан марокко улсын аялал жуулчлалын бүс дэх нэгэн жижигхэн, цэвэрхэн хотод газардав. Миний явсан 150 хүний суудалтай онгоц жуулчдаар дүүрэн байсан нь энэ орны аялал жуулчлалын хөгжлийг илэрхийлэх мэт. Биднийг онгоцноос буухад аялалын компаний төлөөлөгч тосон авч, манай аялалын багийнхан ч бие биетэйгээ танилцав. Баг маань 15 хүнээс бүрдсэнээс дийлэнх нь буюу 11 Франц, 2 Швейцарь, 1 Бельги, Монголоос миний бие байлаа. Манай орчуулагч Мустафа хэмээх залуу 10 жил хөтөч хийж байгаа туршлагатай нэгэн байв. Онгоцноос буусан бид буцах билетээ бүртгүүлэх, бага сага мөнгө солиулах хоолонд орох гэсээр хэдэн цагийн дараа нөгөө алдарт Сахарын цөл рүү хөдөллөө.  
Сахарын элсэн цөл.
marokko3
marokko4
Дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөл ойролцоогоор 1600км өргөн, 5000км урт бөгөөд Баруун хойд Африкийн 10 орны нутгийг дайрдаг байна. Олон хот тосгодыг дайран 370 гаруй км газар нилээд сайн зассан хар замаар явсаар элсэн цөлийн захад байрлах жижигхэн тосгонд оройхон ирлээ. Хөтөч маань биднээс айлд хонох уу, эсвэл хуваарь ёсоор манханы дэргэдэх майханд хонох уу гэж асуухад ихэнх нь марокко айлд хонож үзэх хүсэл байсан тул бид айлд хонохоор болов. Хоног төөрүүлэх айл маань 2 хүүхэдтэй, нөхөр нь манай аялалын тэмээний хөтчөөр явах хүн байлаа. Тэднийх 15х15 орчим метр хэмжээтэй өвс, шавраар барьсан байшин нь нарны гэрэл халуунаас дайжсан бололтой жижиг цонхнуудтай, харин дотроо дөрвөн том өрөөтэй байв. Эхнэр нь цаад өрөөндөө хоолоо бэлтгэж, нөхөр нь бидэнд зөөж үйлчилж байв. Эхнэрийг нь харах боломж хэнд нь ч олдсонгүй. Бид зочломтгой тэр айлд дайлуулаад 2 өрөөнд нь зулж анхны шөнийг өнгөрөөв. Өглөө эртээ босч харахад нөгөө их элсэн цөл маань бүр их сүртэй болсон байв. Эндээс нэг тогооч, хоёр хөтөч (бербер буюу нутгийн иргэд) бидний хоол хүнсийг ачсан 7 тэмээний хамт бидний Сахарын цөлд хийх явган аялал эхэлсэн юм. Цөлийн аялалын анхны өдөр манай багийнхан хууч дэлгэцгээж, харин намайг Монгол гэхээр нилээд гайхацгааж байв. Тэд олон орноор аялсан туршлагатай аялагчид байсан тул Монголын талаар ч бас мэддэг зүйлээ ярьцгаасны дотор “Ингэн нулимс” Монгол кино бидний ярианы нилээд хэсгийг эзэлсэн билээ. Дашрамд хэлэхэд энэ кино Монгол орныг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулж байгаа гэж би боддог. Их элсэнд алхах тийм амар биш ажээ. Халуун элс нурна, бас гутал шигдэнэ. Эхний өдөртөө 6 цаг алхсан нь ердөө бие халаалт байсан ажээ. Маргаашийн хөтөлбөрөөр бид 350м өндөр манхны оройд гарна гэж хөтөч маань танилцуулав. Ер нь Сахарын аялал нэг том манхнаас нөгөөгийн хооронд явагддаг аж. Газар газрын элс өөр өөр өнгөтэй байдаг бол Сахарын элс улаандуу өнгөтэй аж.
             
marooko5
marokko6
Аялалын өмнө энэ орны тухай бага сага уншиж судалсан боловч газар дээрээ миний төсөөллийг өөрчилж орхив. Элсэн цөлд маш халуун байна гэсэн ойлголт авсан миний бие хэдэн нимгэн хувцас авсан нь томоохон эндүүрэл болов. 2,3-р сард өдөртөө +15 +20 хэм, шөнөдөө +2 +10 хэм орчим байдаг гэж байсан боловч аялалын хоёр дахь өдөр өдөржин, шөнөжин бороо асгарч, цаг агаар хүйтэрсэн нь гэнэтийн үзэгдэл байлаа. /Сахарт хэдэн жилээр бороо орохгүй тохиолдол байдаг./ өглөө майхнаас гарахад хаа сайгүй нуур тогтсон байлаа. Халуунд дагтаршсан элсэнд ус тийм амархан шингэдэггүй аж. Манай нутгийн хөгшид ган тайлж бороо орохоор баярлаж хөөрдөг шиг тэндэхийн тэмээчдийн царайнд ч баярласан төрх үзэгдэнэ. Бидний аялал борооноос болж нэг өдрөөр саатсан ч хувьтай хүн хур борооноор гэдэг болохоор би ч бас билэгшээв. Бид их манхныхаа оройд гараад цааш урд өдрийнхөө алдсан алхалтыг хийж нийтдээ 8 цаг гаруй алхав. Түрүүчийхийг бодвол норж дагтаршсан элсэнд алхахад амар болжээ. Бидний хоноглох газар тогооч, тэмээчид маань түрүүлж очоод майхнаа барьчихсан байгаа барааг олж хараад хүч нэмэн яаран алхсаар майхандаа ирцгээв. Их ядарсан байлаа. Аялалын багийн майхан сав, хэрэгслүүд нь маш энгийн авч явахад хялбар бас хэрэгцээг бүрэн хангах ажээ. Тогооч маань Францаар чөлөөтэй ярьдаг, нэлээн наргианч, жуулчдын сэтгэлийг татаж ажиллах нь түүнд өөрт нь ашигтай гэдгийг сайн ухамсарласан нэгэн байв. Марокко хоол мах ихтэй, амт чанар сайтай санагдсан. Олон төрлийн жигнэсэн ногоог хэрчиж ургамлын тосоор амталсан “кус кус” гэдэг хөнгөн зууш маш дажгүй. Бас марокко цай сайхан үнэр амттай их олон төрлөөрөө байх аж. Талхны оронд гамбир идэх юм билээ. Сахарын цөл дэх аялал нь өөрийн гэсэн шинж чанар, төрлүүдтэй байдаг юм билээ. Элсний алхалтаас гадна цана, элсний мотоцикл давхилдаж, жуулчидын унасан тэмээн жингийн цуваа яваа харагдсан. Мөн Сахарт Холливуудын кино зураг авахад зориулсан тусгай бүс байдаг гэж байсан. Байгаль орчин бохирдуулахгүй байх талаар ихэд анхаарч байгаа нь сайхан байлаа. Ус бол чандмань эрдэнэ гэсэн үг энд чухам л хэрэгжих аж. Ус олоход амаргүй бололтой. Алхаж явахад хэзээ нэгэн цагт устай байсан бололтой 20-30 метр гүн ховооддог худаг хааяа тааралдана. Бид хэдийн дунд нэг түмпэн ус тавихад анх жаахан сонин байсан боловч бүгд ямар ч хэл амгүйгээр гараа угааж байв. Аргагүй шүү дээ энэ чинь л жинхэнэ Сахар шүү дээ.
            
Мароккочууд.
marooko7
marokko8
Мароккочууд лалын шашинтай тул ёс заншил нь нэлээд өвөрмөц. Эр эм хүмүүсийн харилцаа биднийхээс тэс өөр ажээ. Хот тосгодоор дайран өнгөрч байхад гудамжинд эр эм хүмүүс хамтдаа харагдах маш ховор аж. Тосгоны сургуулиуд ч эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэж тусдаа байх юм. Хар голдуу хувцасаар нүүрээ халхалсан, хорь гучаараа хамт алхсан хүүхнүүдийг хараад орчуулагчаасаа асуухад нэг нэгнийдээ айлчлах гэж байгаа нь энэ гэнэ. Гудамжинд олуулаа тойрон суух эрчүүдийг хараад Монгол хүний сэтгэхүйгээр архи, айраг ууцгааж байна гэж анх бодож байснаасаа ичихэд хүрч билээ. Тэд зүгээр л дундаа цай тавиад хуучилж суугаа нь тэр аж. Зарим нэг төстэй зүйл ажиглагдсан нь нутгийн настнууд эрхи барин маань уншиж байснаас гадна бидний аялалын үеэр тэдний цагаан сарын баяр болов. Цагаан сарыг хөдөөгөөрөө л өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж байлаа. Баяраар манай тогооч бидэнд элс нурманд булж том гамбир хийж өгсөн төдийгүй дуучин авчирч ая дуу бариулав. Өвөрмөц аятай энэ дуу нь нэг өгүүлбэрээ л давтаад байгаа мэт надад санагдсан. Аялалын үеэр таарсан нутгийн иргэд жаал жуул наймаа хийчих санаатай урд хойно гүйлдэнэ. Хөдөөгүүр голдуу хүүхдүүд наймаа хийх ба төрөл бүрийн өнгөтэй зассан чулуу зарахыг оролдоно. Аялагчид дотроос ганцаар Ази царайтай намайг Япон хүн гэж бодсон хүүхдүүд “Япон оо үүнийг аваач, манай гэр бүлд тус болооч” гээд тал бүрээс шавна. Азиас Япон жуулчид олноор аялдаг, тэд ч Европчуудаас илүү наймаа хийж, бэлэг дурсгалын зүйл их авдаг гэнэ. Төвлөрсөн газраараа наймаа, гар үйлдвэрлэл өндөр хөгжсөн харагдсан. Хөтөч нарт борлуулсан барааны дүнгээс урамшуулал өгдөг бололтой юм. Тэд ч дэлгүүрээр оруулах сонирхол ихтэй юм билээ.
            
marokko10
marokko9
Аялалын төгсгөлд хөтөч маань биднийг хотоос зайтай байрлах нэгэн дэлгүүрт зочлуулав. Наймаачин эр үүдэндээ биднийг хаадууд хүлээн авч байгаа мэт хүндэтгэлтэйгээр тосон авч сайхан амт, үнэртэй цайгаар дайлав. Жуулчид төрөл бүрийн зүйл авч байгаа харагдах боловч тэд 100 еврогоос хэтрүүлэхгүй мөнгөөр наймаа хийж байв. Мароккогийн мөнгөний нэгж нь “дирхам” (1 евро 10 дихрамтай тэнцэнэ). Өнгө хосолсон нэгэн гар нэхмэл хивсийг сонирхтол худалдаачид төрөл төрлөөр гарган ирж овоолсоор бараг таазанд тултал өрөв. Тэрээр хивснүүдээ тайлбарлан уянгалан дуулж байлаа. Миний хувьд явсан газрынхаа онцлогийг илэрхийлсэн сувенирууд цуглуулах дуртай болохоор өнгөт шилийг мөнгөн хээ угалзаар бүрж чимсэн цайны гүц, ардын хээ угалзтай таваг, мөн эртний амьтдын дүрс буусан төрөл бүрийн чулуунуудыг авсан билээ. Мароккогийн өнгөт шилэн урлалын цайны хэрэгсэл нь маш гоё бас нэртэй юм билээ. Дашрамд зөвлөхөд хэрвээ та энэ орон руу аялахыг хүсвэл 4 5-р сард илүү тохиромжтой юм билээ. Мөн “Рамадан” сарынх нь үеэр аялахгүй байх нь зүгээр байхаа. Жил бүр бүтэн сараар үргэлжлэх энэ уламжлалт баярын үеэр Мароккочууд нар жаргахаас нааш уух, идэх, тамхи татах, бэлгийн харьцаа үүсгэхийг хатуу цээрлэдэг ажээ.
Мароккогийн Уарзазат хотын нисэх буудалд анх танилцаж байсан манай багийнхан Сахарт хийсэн онц сонирхолтой, сайхан аялалын дараа дотны сайхан найзууд болчихсон Марокко орны тухай сайхан сэтгэгдэлтэй нутаг нутгийн зүг хүлгийн жолоо залав.
            
Тэмдэглэл хөтөлсөн
Ч.БАТЗАЯА

No comments:

Post a Comment